Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.
11 дүгээр сарын 10-нд нийт нутгийн 10 гаруй хувьд цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Цагаанчулуут, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10.1-20.0 см, Увсын Баруунтуруун, Завханы Отгон, Шилүүстэй, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Чулуут, Өвөрхангайн Хайрхандулаан, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Бугант, Ерөө, Төвийн Зуунмод, Хэнтийн Өлзийт, Баянмөнх, Дархан, Сүхбаатарын Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдад 5.1-10.0 см, бусад нутагт 5.0 см хүртэл зузаан цастай байна.
2020 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0%, их 30,4%), 30 шахам хувьд нь (28.2%) дунд зэрэг эрсдэлтэй гарсан.
Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа. Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдээд байна.
Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.
Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг бид шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН
2020-11-20